АйБи хөтөлбөр нь 45 жилийн практик судалгааны үндсэн дээр хүүхдийг академийн болон хувь хүн талаас нь хөгжүүлж төлөвшүүлдэг онцгой арга барилтай олон улсын хөтөлбөр юм. АйБи нь “сурахад суралцах” гэдэгт маш их ач холбогдол өгдөг бөгөөд сурах үйл явц нь амьдралын нэг салшгүй хэсэг гэдгийг сурагч бүрт ойлгуулахыг хичээдэг.
Шинэ үе сургууль нь 2018 оны 10-р сарын 14-наас эхэлж АйБи Диплом хөтөлбөрийг албан ёсоор хэрэгжүүлэх эрхтэй анхны Монгол сургууль боллоо. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд үндсэн 6 бүлэг судлагдахуунаас тус бүрээс нэг хичээл сонгохоос гадна хөтөлбөрийн цөм болох CAS, мэдлэгийн онол, судалгааны эссе зэргийг хангалттай үнэлгээтэй гүйцэтгэсэн байх шаардлагатай. АйБи Диплом хөтөлбөрийн бусад бүх олон улсын хөтөлбөрүүдээс ялгагддаг гол онцлог нь сурагчид бүр сонгосон хичээл бүрээр мэдлэг, чадварыг сорьсон шалгалт даваад зогсохгүй бие даасан судалгааны ажил хийх ёстойд байдаг. Ингэснээр сурагчдын тал бүрийн мэдлэг тэлж, ямар ч их сургуулийн бэлтгэлийг өндөр түвшинд хангаж чаддаг юм.