НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨР

Манай сургууль 2023.01.07 өдрийн 10:00-19:00 цагийн хооронд “Нээлттэй хаалганы өдөр”-ийг амжилттай зохион байгуулж, давхардсан тоогоор 760 эцэг эх, асран хамгаалагчид оролцов. Энэ үеэр эцэг эх, асран хамгаалагчид мэргэжлийн багш нартай ганцаарчлан уулзаж хүүхдийнхээ талаар зөвлөгөө, мэдээлэл авснаас гадна дараах арга хэмжээнд хамрагдлаа. Үүнд:

1. Сургуулийн аяллалаар номын сан, стем сургалтын өрөө, биеийн тамирын болон урлаг заал, хими, биологи, физик, мэдээлэл технологийн лаборатори, цайны газартай танилцаж, сургалт хүмүүжлийн үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авав.

2. Сургуулийн сэтгэл зүйч А.Янжинлхамын удирдан чиглүүлсэн “Хүүхдийн EQ чадварыг хөгжүүлэх нь” сургалтад хамрагдаж, ганцаарчилсан зөвлөгөө авч, дараагийн уулзалтын цагаа товлов.

3. Ахлах сургуулийн зөвлөх М.Мядагмаагийн зохион байгуулсан “Тэтгэлэгт хөтөлбөрт хэрхэн хамрагдах вэ?” сургалтад сууж, сайн дурын ажил болон гадаадад хэрхэн тэтгэлэгтэйгээр суралцах, сурагчид ямар бэлтгэл хангах тухай зөвлөгөө авав.

4. Сургуулийн цайны газарт зохион байгуулагдсан хоолны амталгаанд нийт 510 эцэг эх, асран хамгаалагчид оролцож хоолны амт чанарт өөрсдийн үнэлгээг өгч, судалгаанд хамрагдав.

5. Сүхбаатар дүүрэг дэх “Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтэс”- ийн 209 тоот өрөөг тусламж үйлчилгээ шаардлагатай хүүхдүүдэд зориулан тохижуулах зорилгоор IB11-р ангийн сурагчдын зохион байгуулж буй сайн дурын ажлын санхүүжилт босгоход оролцож, амттан болон бусад зүйлсийг худалдан авав.

6. Манай багш нарын зохиосон ном зохиолоор гаргасан бүтээлийн үзэсгэлэнг үзэж сонирхов.

Хүүхдийнхээ төлөө цаг гарган “Нээлттэй хаалганы өдөр”-т хүрэлцэн ирсэн эцэг эх, асран хамгаалагчид болон гадаад багш нарын эцэг эх, асран хамгаалагчдад өгсөн зөвлөгөө, мэдээллийг  орчуулан тайлбарласан IB12-р ангийн сурагчдадаа талархлаа.