Түүхэн замнал
Нийслэлийн тэргүүний үйл ажиллагаатай төрийн бус өмчийн сургууль болсон үе буюу 2003 – 2008 он
2003 онд МУ-ын Ардын багш Ү.Маам нь “Шинэ Үе” гэсэн эрхэм нэртэй сургуулийг үүсгэн санаачилсныг Нийслэлийн засаг дарга дэмжиж, 2003 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 222 тоот захирамж гарган, сургууль маань байгуулагдсан билээ.
Сургуулийн барилга хараахан ашиглалтад ороогүй байсан тул хүүхдийн ордонд 2003.09.01- ний тэр сайхан өдөр хичээлийн шинэ жилийн нээлтэд Нийслэлийн Боловсрол Шинжлэх Ухааны газрын дарга М.Лхан-Аажав, "Прогноз" төвийн захирал, доктор С.Одхүү, МУ-ын Ардын жүжигчин Ч.Мөнхшүр, МУ-ын Гавьяат жүжигчин Д.Ичинхорлоо нарын алдар цуутай хүмүүс оролцон ёслол төгөлдөр нээж байсан. Манай сургууль анх 11 багш, 7 ажилтан, 1-10-р ангийн 10 бүлэгт 86 сурагчидтай эхэлж байв.
Үүсгэн байгуулагч, сургуулийн захирал
МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, ГАВЬЯАТ БАГШ Ү.МААМ
Химийн багш
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ БАГШ Л.МАГСАР
Физикийн багш
О.ИДЭРСАЙХАН
Дэд захирал
МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ Н.ЦЭРЭНДОЛГОР
Монгол хэлний багш
ДОКТОР Д.БАТТОГТОХ
Түүхийн багш
Г.ТУУЛ
Сургалтын менежер
БОЛОВСРОЛЫН ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН, ЗӨВЛӨХ БАГШ Д.ЖАРГАЛ
Математикийн багш
Ж.БАТБОЛД, Б.ЭНХБОЛД, Л.БУЯНТОГТОХ
Бага ангийн багш
Ц.ДОРЖДУЛАМ, У.НАРАН НАР БАЙЛАА
Эхний таван жилийн хугацаанд МУ-ын Ардын багш 1, МУ-ын Гавьяат багш 1, Боловсролын тэргүүний ажилтан 11, Зөвлөх зэрэгтэй багш 4, Тэргүүлэх зэрэгтэй багш 9, Заах аргач зэрэгтэй багш 12 буюу нийт багш нарын 65 хувь нь мэргэжлийн зэрэгтэй, тэргүүний багш нар ажиллаж байсан учраас сургуулийн сургалт хүмүүжлийн ажлын чанар тогтмол сайн үзүүлэлттэй байдаг бөгөөд багш нарын дунд уламжлал болон явагддаг хичээл заалтын ур чадварын уралдаанд О.Идэрсайхан, Б.Энхболд, С.Энхбаатар, Н.Болдбаатар, Л.Магсар зэрэг багш нар хот, дүүргийн аваргаар шалгарч байв.
Ажил үйлс, амжилт бүтээлээрээ шалгарсан математикийн багш Ж.Батболд, Б.Энхболд, физикийн багш О.Идэрсайхан, бага ангийн багш У.Наран, гадаад хэлний багш П.Цэрэндэжид нарыг Засгийн газрын шагнал, Боловсролын тэргүүний ажилтан цол тэмдгээр, бага ангийг багш Н.Болдбаатар, Л.Ганпүрэв нарыг МҮЭ-ийн тэргүүний ажилтан цол тэмдгээр, сургалтын менежер Б.Цэнд, бага ангийн багш Т.Чимгээ, Т.Баярмаа биеийн тамирын багш М.Эрдэнэчимэг, П.Мөнхзул, математикийн багш С.Энхбаатар, Т.Булбул нарыг нийслэл дүүргийн шагналаар шагнав.
Нийслэлийн тэргүүний сургууль болсон үе
2009 – 2013 он
Удаах таван жилд сургуулиа гурван давхар болгон өргөтгөж, олон кабинетуудыг байгуулан тохижуулж, сургалтын орчин материаллаг баазыг бэхжүүлэх, сургалтын чанартаа ахиц гаргах, хүүхэд бүрийг хөгжүүлэх болон багш нараа чадваржуулахад илүү анхаарч амжилттай ажиллаж ирсэн.
Манай хамт олон дотор МУ-ын Ардын багш 1, Гавьяат багш 1, Алтан гадас одонт 1, Боловсролын тэргүүний ажилтан 15, Биеийн тамирын тэргүүний ажилтан 1, БСШУЯ-ны жуух бичигтэн 18, Багшийн гавьяа 1, Ахлах багш 12, Тэргүүний сэхээтэн багш 1, “Тэргүүний залуу” алтан медальтай 5, Улсын ур чадварын уралдааны аварга багш 1, ОУХМ 1, Арга зүйч багш 18 болон докторант 2, магистр 13, магистрант 3, бакалавр 15, дипломын 3 нийт 31 багш, удирдах ажилтан ажиллаж байв.
Нийслэлийн хэмжээний болон хөдөөгийн багш нарт сургалт семинар явуулах телевизээр хичээл заах зэргээр манай багш нар бусад багш нарт туршлагаа түгээн дэлгэрүүлж ирсэн.
2008 онд математикийн багш Б.Энхболд нийслэлийн математикийн багш нарт “Комбинаторикийн бодлого бодох арга зүй” сэдэвт сургалт, 2009 онд нийслэлийн багш нарт “Геометрийн бодлого бодох арга зүй” сургалт, физикийн багш О.Идэрсайхан 2010 оны 1 сард НБГ-тай хамтран нийслэлийн багш нарт “Элбэг олдоцтой материалаар физикийн туршилт явуулах” сургалт семинар, мөн 2009 оны телевизийн хичээлийг Б.Энхболд математикийн, О.Идэрсайхан физикийн хичээлүүдийг Боловсрол телевизээр заасан. А.Сандаг-Очир багш 2010 онд “Улс төрийн систем” нийгмийн хичээлээр теле хичээл, Б.Энхболд 2010 оны 12 сард математикийн гүнзгий сургалттай XII-IX ангид зориулан тоглоомын бодлого теле хичээл, Б.Анар орос хэлний XII ангийн хичээлийг тус тус Боловсрол сувгаар заасан.
Багш нарын заах арга ур чадварын уралдаанд физикийн багш О.Идэрсайхан 2010 онд Улсын аварга, математикийн багш Б.Энхболд 2008 онд улсад 1-р байр, физикийн багш О.Идэрсайхан 2007 он, 2010 онд нийслэлийн аварга, математикийн багш Б.Энхболд 2005 онд нийслэлд 5-р байр, бага ангийн багш Тү.Баярмаа 2009 онд 2-р байр эзэлсэн.
Улаанбаатар хотын сурган хүмүүжүүлэх уншлагад физикийн багш О.Идэрсайхан “Сургалтын технологи, сургалтын чанар” илтгэлээрээ 2-р байр, Улсын СХУ “Оны шилдэг илтгэл шалгаруулах хуралдаанд “Физикийн хичээлийн сургалтын чанарыг сайжруулах асуудалд” илтгэлээрээ 1-р байр тус тус эзэлсэн.
Улсын тэргүүний сургууль болсон үе
2014 – 2018 он
2015 онд 3 давхрын байрыг, 2017 онд өргөтгөлийг байрыг тус тус ашиглалтад оруулсан 37 бүлэгт 820 орчим сурагч суралцаж, нийт 82 багш, ажилчид ажиллаж байсан.
Олон улсын стандартад нийцсэн лабораториудыг тохижуулж кабинетын системээр хичээллэсэн. Үүнд: химийн лаборатори, физикийн лаборатори, биологийн лаборатори, мэдээлэл зүй 1 лаборатори, мэдээлэл зүй 2 лаборатори, IB математикийн кабинет, урлагийн танхим, биеийн тамирын том заал, биеийн тамирын бага заал, дүрслэх урлаг, монгол хэл, бага ангийн зэрэг 18 кабинетыг шинээр байгуулж гэрчилгээ авсан нь сургалтын орчин бүрдүүлэх, сургалтын хэрэглэгдэхүүнээр хангаж, хичээлийн үр дүнг дээшлүүлэхэд таатай нөхцөлийг хангаж өгсөн.
Манай сургууль нь Багш нарын мэргэжил дээшлүүлэх институтийн “Судлаач багш” салбар болж, “Сайн багш” хөтөлбөрийн сургалтыг Завхан аймгийн Тосонцэнгэл суманд зүүн бүсийн 26 сургуулийн 300 гаруй багшид, Завхан аймгийн Улиастай суманд баруун бүсийн 25 сургуулийн 350 багшид мөн “Багшаа чадваржуулъя” сургалтын нийслэлийн Хан–Уул дүүргийн ЕБС-ийн 400 гаруй багшид явууллаа. Мөн Хэнтий, Булган, Дорноговь, Архангай, Завхан аймгийн болон нийслэлийн 52, 15, 32, 5, 58, 71, Оргил зэрэг сургуулийн багш нар ирж туршлага судалсан.
Боловсролын үнэлгээний төвийн чанарын шалгалтад сүүлийн таван жил дараалан 5, 9, 12-р ангиудаа шалгуулж өндөр үзүүлэлттэй гарсан. Мөн ЭЕШ–аар манай төгсөх ангийн сурагчид улсын дунджаас дээгүүр амжилт үзүүлж, БҮТ-ийн “Өргөмжлөл”-өөр шагнагдсан. Мөн манай сурагчид олон улсын болоод улс нийслэлийн чанартай олимпиад, уралдаан, тэмцээнүүдээс 380 гаруй алт мөнгө, хүрэл медаль хүртсэн амжилттай ажилласан.
ОЛОН УЛСЫН ХӨТӨЛБӨРТЭЙ СУРГУУЛЬ БОЛСОН ҮЕ 2018-2023 ОН
2018-2023 оны хичээлийн жил нь Шинэ Үе сургуулийн хувьд их үсрэлт, ахиц хөгжлийн он жилүүд байлаа. Хэдий цар тахлын хүнд үе таарч, дэлхийн эдийн засаг, боловсролын салбарт хүндхэн он жилүүд тохиосон хэдий ч мэргэжлийн чадварлаг, хариуцлагатай багш ажилчид, алсын хараатай удирдлага, менежментийн багийн хамтын хүчээр Шинэ Үе сургууль нь алсын зайн, цахим сургалтыг чанарын өндөр түвшинд зохион байгуулснаараа манай сургуулийг зорин ирж суралцагчдын тоо 2018 оныхоос өдгөө хоёр дахин өсч, нэмэгдсэн тоон үзүүлэлттэй байна.
Шинэ Үе сургуульд өнөөдрийн байдлаар бага, дунд, ахлах ангийн нийт 54 бүлэгт 1572 суралцагч Монгол улсын үндэсний цөм хөтөлбөрийн болон Олон улсын бакалавриат, Кембрижийн дунд болон ахлах ангийн хөтөлбөрүүдэд хамрагдаж байна.
Шинэ Үе сургууль нь өргөжин тэлж, суралцагчдын тоо нэмэгдэхийн хирээр сургуулийн багш ажилчдын тоо ч мөн дагаж өссөн үзүүлэлттэй байна. Учир нь бид 2018 онд Олон улсын бакалавриат дипломын хөтөлбөр, 2022 онд Кембрижийн дунд болон ахлах ангийн сурагчдад зориулсан хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор багшлах боловсон хүчин, мэргэжлийн хүний нөөцийг бүрдүүлэх үндсэн хэрэгцээ шаардлага үүсээд байна. Одоогоор манай сургуульд нийт 137 багш ажилчид ажиллаж байгаа бөгөөд үүнээс 16 нь гадаад багш нар байна. Манай сургуульд:
- Монгол улсын гавьяат багш: 1
- Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт багш: 2
- Алтан гадас одонт багш : 10
- Хөдөлмөрийн хүндэт медальт багш: 4
- Монгол улсын зөвлөх багш: 2
- Олон улсад заах эрхтэй багш: 15
- Үндэсний сургагч багш: 6
- Спортын мастер зэрэгтэй багш: 4 ажиллаж байна.
Шинэ Үе СУРГУУЛИЙН ХӨТӨЛБӨРИЙН ОНЦЛОГ
Шинэ Үе сургууль нь 2022-2023 оны хичээлийн жилд бага ангидаа Монгол улсын үндэсний цөм хөтөлбөрийг хэрэгжүүлдэг ба англи хэл, математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судалж, нэмэлтээр мэдээлэл зүй, science хичээлийг англи хэл дээр судалдаг. Мөн энэ хичээлийн жилээс бага ангийн сурагчдад боловсролыг системтэйгээр, интерактив, зугаатай байдлаар шинжлэх ухаанч, инженерчлэлийн чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн STEM хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлээд байна. Энэ нь ахлах ангиудад хэрэгжүүлж буй олон улсын хөтөлбөрүүдийн суурийг тавьж, англи хэлний чадварыг нь дэмждэг давуу талтай.
Сурагчид маань 6-8р ангидаа олон улсын Кембриж хөтөлбөрийн Lower Secondary, 9-10р ангидаа IGCSE, 11-12р ангидаа A/AS түвшин болон олон улсын IB хөтөлбөрөөр суралцах боломжтой.
2022-2023 оны хичээлийн жилд БСШУСС-ын 2019 оны 08р сарын 15нд батлагдсан А/511 тушаал болон олон улсын Кембриж хөтөлбөрийн шаардлагын дагуу 6-8р ангийн сурагчид маань англи хэл дээр байгалийн ухаан, англи хэл, математик, дэлхий нийтийн хэтийн төлөв, мэдээлэл технологийн хичээлүүдийг судалж байгаа бол 9-10р ангидаа англи, хятад, франц хэл, социологи, газарзүй, хими, физик, биологи, математик, дэлхий нийтийн хэтийн төлөв, мэдээллийн технологийн хичээлүүдийг Кембриж хөтөлбөрийн стандартаар англи хэл дээр судалдаг бол бусад хичээлийн агуулгыг үндэсний цөм хөтөлбөрийн агуулгаар судалж байна.
I. ОНЦЛОХ ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДЛУУД
2018-2023 оны хугацаанд Шинэ Үе сургуулийн түүхэнд онцлох олон түүхэн үйл явдлууд тохиожээ. Үүнд:
- 2018 оны 10 сарын 17-ны өдөр бид хоёр жилийн турш төлөвлөн, бэлдсэн Олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийг сургууль дээрээ хэрэгжүүлэх албан ёсны эрхээ авав.
- 2018 оны 10 сарын 05-ны өдөр "Шинэ Үе" сургууль маань хувийн сургуулиуд дунд хамгийн анхны "Улсын тэргүүний сургууль" боллоо.
- 2018 оны 12 сарын 28 ны өдөр Улсын тэргүүний Шинэ Үе сургуулийн дэд захирал Нямаагийн Цэрэндолгор Монгол улсын гавъяат багш цол тэмдгээр шагнуулав.
- 2019 оны 04 сарын 29-05 сарын 04-ний өдрүүдэд Шинэ Үе сургууль бие даан Монголын Математикийн 55-р олимпиадыг амжилттай зохион байгуулсан. Энэхүү олимпиад нь олон улсын математикийн олимпиадын жишигт нийцсэн, зохион байгуулалт сайтай өмнөх математикийн олимпиадын зохион байгуулалтын чансааг өндөрт өргөсөн олимпиад болсныг албаны хүмүүс цохон тэмдэглэж байлаа. Монголын Математикийн 55р олимпиадад Н.Баянбат, Э.Батзаяа ахлагчтай, С.Буяндэлгэр, Ц.Урангоо, Б.Мөнхтулга багш нарын бүрэлдэхүүнтэй Нийслэлийн Сүхбаатар дүүргийн баг хамт олон тус олимпиадад олгогдох нийт 34 медалиас 21-ыг авах болзол хангаж медалийн тоогоор хол тасархай тэргүүллээ. Улсын олимпиадын өнгийг үеийн үед Сүхбаатар дүүргийнхэн л тодорхойлсоор …
- 2019 оны 10 сард дэлхийн багш нарын 25, Монголын багш нарын 53 дах өдрөөр Ерөнхий боловсролын сургалтын чанар, үр дүнг тодорхойлж, бодлого төлөвлөлтийг сайжруулах зорилгоор Үндэсний хэмжээнд зохион байгуулсан чанарын үнэлгээний судалгааны дүнгээр тэргүүлсэн 40 сургуулийн нэгээр тодорч сурлагын чанар, ахиц амжилтаа улсын хэмжээнд дахин батлан харууллаа.
- 2021-2022 оны хичээлийн жилд сургууль маань Кембрижийн олон улсын хөтөлбөрийг авахаар зорин ажиллаж багш, ажилчид маань Кембрижийн хөтөлбөртэй сургууль болох хүсэлтээ 2021.10.29-нд тус байгууллагад албан ёсоор илэрхийлж 2022.01.05-ны өдөр Кембриж хөтөлбөрийн Зүүн Өмнөд Азийн бүсийг хариуцсан мэргэжилтнүүд манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж хөтөлбөрийн эрх олгох эсэх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн.
- Олон улсын жишгийн хувьд Кембриж хөтөлбөрийн эрх олгох үйл ажиллагаа анх хүсэлтээ илэрхийлснээс хойш 6 сарын дотор өрнөх учиртай үйл явц хэдий ч манай сургуулийн багш, ажилчид 79 төрлийн ажлыг төлөвлөн амжилттай гүйцэтгэж энэ үйл явцыг 1,5 сарын дотор авч чадсанд бид баяртай байдаг.
- 2020 оны 07 сарын 05нд Улсын тэргүүний “Шинэ Үе” сургууль маань IB Diploma Programme хөтөлбөрийг хэрэгжүүлэгч анхны Монгол сургууль болоод анхны IB ангиа амжилттай төгсгөлөө. Энэхүү IB дипломын ангид маань 5 сурагч элсэн орж 2 жилийн хугацаанд суралцаад энэ жил бүгд амжилттай төгсөж bilingual буюу хос хэлний дипломын болзол хангалаа. Нийт 45 онооноос 24 болон түүнээс дээш оноо авч байж lB диплом авах ёстой бөгөөд энэ жил горилсон нийт 174,000 сурагчдаас манай сургуулийн төгсөгчид бүгд дунджаас дээш оноо авсан байна.Энэхүү дипломын давуу тал нь гадаадын бүх шилдэг их дээд сургуулиудад IELTS, TOEFL шаардахгүйгээр шууд элсэн орох боломжтой болох ба цаашлаад авсан онооноосоо хамаарч 100 хүртэлх хувийн тэтгэлгүүдэд хамрагдаж болох юм. Энэхүү анхны АйБи ангийн төгсөгчдийн 60 хувь нь Канад, Япон, Унгарын их дээд сургуулиудад 60-100 хувийн тэтгэлэгтэйгээр амжилттай суралцаж байна.
II. ГАДААД ХАРИЛЦАА ХАМТЫН АЖИЛЛАГАА
- Улсын тэргүүний "Шинэ Үе" сургууль англи хэлний хичээлийн хөтөлбөр, сургалтын чанараа сайжруулах зорилгоор АНУ-ын ETS (Educational Testing Service) байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газартай хамтран ажиллахаар хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.Тус сургууль 2018-2019 оны хичээлийн жилээс эхлэн сурагчдынхаа англи хэлний мэдлэг чадварыг түвшин бүрт нь TOEFL Junior англи хэлний олон улсын шалгалтаар баталгаажуулах юм.
- Монгол улсын TOEFL Young Students’ Series хөтөлбөрийн анхны сургагч багш Шинэ Үе сургуулиас төрөн гарлаа. Сантис боловсролын төв, Шинэ Үе сургуулийн хамтын ажиллагааны хүрээнд тус сургуулийн англи хэлний багш Т. Ханджав АНУ-ын ETS байгууллагаас зохион байгуулагдсан TOEFL YSS сургагч багшийн 2018-2019 оны хичээлийн жилийн хөтөлбөрт амжилттай хамрагдлаа.
- "Шинэ Үе" сургуулийн IB дипломын хөтөлбөрийн зохицуулагч, англи хэлний багш Г.Булган, Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч, англи хэлний багш Э.Пүрэвсүрэн нар TOEFL ITP шалгалтыг зохион байгуулах эрх олгох хөтөлбөрт амжилттай суралцаж "Шинэ Үе" сургууль дээрээ TOEFL ITP шалгалтыг зохион байгуулах албан ёсны эрх, сурагчид болон сонирхсон хүн бүрийг TOEFL-ийн шалгалтад бэлдэх, англи хэлний багш нарыг TOEFL ITP Trainer болгон бэлдэх эрх бүхий батламжаа 2021 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гардан авлаа.
- Дэлхийн АйБи сургуулиудтай хамтран ажиллах үүд хаалга нээгдэв. 2021 оны 12 сард Шинэ Үе сургууль нь Японы Гёшугийн АйБи сургуультай харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурав. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хоёр АйБи сургуулийн сурагчид аль нэг сургуулийнхаа санал болгодог АйБи хичээлүүдээс сонгон цахимаар суралцах боломж бүрдэв.
- Монгол улсын Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль болон олон улсын хөтөлбөртэй, улсын тэргүүний Шинэ Үе сургуулиуд хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа. 2022 оны 06 сарын 06-ны өдөр Шинэ Үе сургуулийн ерөнхий захирал, МУ-н Гавьяат багш Н. Цэрэндолгор, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн Академик чиглэл хариуцсан дэд захирал Доктор (Ph.D.), Профессор С. Эрдэнэтуул нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Шинэ Үе сургуулийн олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийг амжилттай төгссөн төгсөгчид Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн бакалаврын хөтөлбөрүүдэд тохирох түвшнээс элсэн суралцах боломжтой болж буй бөгөөд суралцагч богино хугацаанд бакалаврын зэрэг хүртэх, гадаад хамтын ажиллагаатай сургуулиудад үргэлжлүүлэн суралцах, тэтгэлэгт хөтөлбөрүүдэд хамрагдах зэрэг давуу тал юм. Шинэ Үе сургууль нь 2018 оноос эхлэн ахлах ангийн сурагчдад зориулсан олон улсын "АйБи" дипломын хөтөлбөр (International Baccalaureate Diploma Programme)-ийг амжилттай хэрэгжүүлж гурав дахь удаагийн төгсөлтөө амжилттай хийгээд байгаа билээ.Ирэх хичээлийн жилээс эхлэн Олон улсын бакалавриат дипломын хөтөлбөрийн төгсөгчид нь санамж бичигт тусгасны дагуу “АйБи” хөтөлбөрт судалсан хичээлүүдээсээ Хүмүүнлэгийн Ухааны Их Сургуулийн мэргэжлийн суурь хичээлүүдийн тохирох хичээлүүдтэй дүйцүүлэн кредит тооцуулах, дипломын голч оноонд үндэслэн шууд элсэн орох зэрэг боломжуудыг нээсэн сайхан хамтын ажиллагааны эхлэл болж байна.
- Шинэ Үе сургуулийн АйБи дипломын хөтөлбөрийн төгсөгчдийг Монгол улсын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сурах боломжоор хангах зорилготой хамтын ажиллагааг эхлүүллээ. Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн АйБи дипломын хөтөлбөрийн төгсөгчдийг Монгол улсын их дээд сургуулиудад элсэн орохдоо дэлхийн бусад их дээд сургуулиудын жишгээр дипломын голч оноогоороо шууд элсэн орох, тодорхой хичээлүүдийн кредитийг тооцуулах тал дээр хамтран ажиллах санал гаргаж, анхан шатны танилцуулга уулзалтуудыг зохион байгууллаа. Бид Монгол улсын шилдэг таван их сургууль болох Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж АйБи дипломын хөтөлбөрийн талаарх танилцуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд эдгээр их сургуулиудтай дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах санал гаргав.
Үүнд:
- АйБи дипломын оноог үндэслэн ЭЕШ өгөхгүйгээр тухайн их сургуульд шууд элсэн орох боломжийг судлах /БШУЯ-ын А/317 тоот тушаалыг үндэслэн/
- АйБи хөтөлбөрт судалсан зарим хичээлийг дипломын оноонд үндэслэн их сургуулийн хөтөлбөрийн хичээлээс тохирох хичээлийн кредиттэй дүйцүүлэн тооцох, ингэхдээ ахисан болон стандарт түвшний хичээлүүдийг тухайн түвшинд нь тохирох хичээлүүдтэй нь харгалзуулан кредит дүйцүүлэн тооцох
- Дипломын голч оноог харгалзан тодорхой хэмжээний тэтгэлэг олгох
- АйБи хөтөлбөрийн цөм хичээлүүд болох мэдлэгийн онол, судалгааны эсээ болон нийгэмд тустай ажил хичээлүүдийг судалсан агуулгын хүрээнд тохирох хичээлтэй нь кредит дүйцүүлэн тооцох гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хамтарч ажиллаж эхлэв.