АйБи дипломын хөтөлбөрийн төгсөгчдийг Монгол улсын их дээд сургуулиудад тэтгэлэгтэй сургах талаар хамтын ажиллагааг эхлүүлээ.

Эрхэм хүндэт эцэг эх, асран хамгаалагчдаа,

Шинэ Үе сургууль нь АйБи дипломын хөтөлбөрийн төгсөгчдөдөө чиглэсэн нэгэн үйл ажиллагааг амжилттай эхлүүлээд явж байгааг дуулгахад таатай байна. 

Манай сургууль 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн АйБи дипломын хөтөлбөрийн төгсөгчдийг Монгол улсын их дээд сургуулиудад элсэн орохдоо дэлхийн бусад их дээд сургуулиудын жишгээр дипломын голч оноогоороо шууд элсэн орох, тодорхой хичээлүүдийн кредитийг тооцуулах тал дээр хамтран ажиллах санал гаргаж, анхан шатны танилцуулга уулзалтуудыг зохион байгууллаа.

Бид Монгол улсын шилдэг таван их сургууль болох Монгол Улсын Их Сургууль, Санхүү Эдийн Засгийн Их Сургууль, Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль, Хүмүүнлэгийн Ухааны Их Сургууль, Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургуулийн удирдлагуудтай уулзаж АйБи дипломын хөтөлбөрийн талаарх танилцуулга уулзалт зохион байгуулсан бөгөөд эдгээр их сургуулиудтай дараах дөрвөн чиглэлээр хамтран ажиллах саналыг хүргүүлээд байгаа билээ.

Үүнд: 

1. АйБи дипломын оноог үндэслэн ЭЕШ өгөхгүйгээр тухайн их сургуульд шууд элсэн орох боломжийг судлах  /БШУЯ-ын А/317 тоот тушаалыг үндэслэн/ 

2. АйБи хөтөлбөрт судалсан зарим хичээлийг дипломын оноонд үндэслэн их сургуулийн хөтөлбөрийн хичээлээс тохирох хичээлийн кредиттэй дүйцүүлэн тооцох, ингэхдээ ахисан  болон стандарт түвшний хичээлүүдийг тухайн түвшинд нь тохирох хичээлүүдтэй нь харгалзуулан кредит дүйцүүлэн тооцох

3. Дипломын голч оноог харгалзан тодорхой хэмжээний тэтгэлэг олгох боломжийг судлах 

4. АйБи хөтөлбөрийн цөм хичээлүүд болох мэдлэгийн онол, судалгааны эсээ болон нийгэмд тустай ажил хичээлүүдийг судалсан агуулгын хүрээнд тохирох хичээлтэй нь кредит дүйцүүлэн тооцох боломжийг судлах зэрэг ажлууд судалгааны түвшинд явж байна.