card

Үүсгэн байгуулагч


“ШИНЭ ҮЕ” СУРГУУЛИЙГ ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ, МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ҮНЭНБИЛЭГИЙН МААМ


“Шинэ Үе” сургуулийн үүсгэн байгуулагч Үнэнбилэгийн Маам нь одоогийн Завхан аймгийн Сонгино суманд төрж, 1960 онд Нөмрөг сумын 10 жилийн дунд сургуулийг онц-сайн дүнтэй төгсөж, улмаар УБДС-ийн физик-математикийн ангийг 1964 онд математикийн багш мэргэжлээр төгссөн.

Ү.Маам нь 1964 оноос нийслэлийн 18, 52, 75, 34, 11 дүгээр сургуульд багш, хичээлийн эрхлэгч, захирал, 2003 онд Шинэ Үе сургуулийг үүсгэн байгуулагч, захирал зэрэг боловсролын салбарт тасралтгүй 57 жил ажилласан юм. 

Ү.Маам нь багш нарын мэргэжлийг дээшлүүлэх, заах арга, ур чадварыг сайжруулах, сургуулийг болон багшлах бүрэлдэхүүн хамт олныг бэхжүүлж төлөвшүүлэх, сургуулийг бүх талаар хөгжүүлэхэд голлон анхаарч ихээхэн үүрэг гүйцэтгэж ажиллаж байлаа. 1972-1981 онд 52-р дунд сургуульд ажиллах хугацаандаа математикийн сургалтын чанарыг сайжруулах арга барил, математикийн олимпиадад бэлтгэдэг Ү.Маамын туршлагыг нийтэд түгээн дэлгэрүүлж байсан.

Мөн 18-р дунд сургуульд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байхдаа асуудал дэвшүүлэх шийдвэрлэх арга, тулгуур дохио, блок схемээр хүүхдийг хөгжүүлэх шинээр хэрэглэгдэж нэвтэрч байсан аргуудыг болон хичээлийн технологийг боловсронгуй болгох талаар олон цуврал лекц, заах аргын сэдвийг боловсруулж, багш нарын ажилд нэвтрүүлж байсан нь тухайн үедээ амжилттай хэрэгжиж, сургуулийн сурлагын чанар дүүрэг, хотод тэргүүн байрт шалгарах болзлыг хангаж байв.

Тэрээр 1990 оноос нийслэлийн 11-р дунд сургуулийг физик математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль болгох асуудлыг санаачлан, сургалтын нэг чиглэлийг гүнзгийрүүлсэн сургуулийн анхдагч үндэслэгч нь болсон юм.

Ү.Маам багш нь 11-р дунд сургуульд ажиллахдаа багш бүрийн мэргэжил боловсрол, хичээл заах ур чадварыг сайжруулах, тэдэнд хичээлийн технологийг сайн эзэмшүүлэх, хичээл заалтад шавь төвтэй сургалтын аргыг бүтээлчээр нэвтрүүлсэн ба математикт гоц авьяастай сурагчдыг нээн илрүүлж тэдний авьяасыг хөгжүүлэх, тэдэнд заан сургах сургалтын арга барилыг боловсронгуй болгоход ажлаа чиглүүлж ажиллаж байсан. Ү.Маам багшийн удирдан чиглүүлэх, үлгэрлэн дагуулах шинийг санаачлагч ажлын арга барил, чадвар дадлын үр дүнд 11-р дунд сургуулийг төгсөгчид гадаад дотоодын их дээд сургуулиудад болон уралдаант шалгалтад тогтмол дээгүүр байрт шалгарч, 1995-2000 онд нийт 454 сурагч төгссөнөөс гадаад дотоодын их, дээд сургуулийн уралдаант шалгалтад 100 хувь тэнцэн элсэж, тогтмол өндөр үзүүлэлттэй суралцаж байсан. Мөн Олон улсын математикийн олимпиадаас тус сургуулийн сурагчид 16 медаль, Дэлхийн чанартай математикийн тэмцээнээс 8 медаль, нийт 24 медалийг хүртжээ. Үүний үр дүнд Монгол Улс олон улсын математикийн олимпиадад 1993 онд 82 орноос 61-р байрт байснаа ахиулж 1997 онд 25-р байрт урагшилсан нь математикийн ухааны асар хурдацтай хөгжүүлсэн гэж сайшаагдах гол үзүүлэлт болсон юм. Түүнчлэн гадаадын уралдаан тэмцээнээс гадна дотоодод зохион байгуулагдсан физик, математик, хими, мэдээлэл зүйн улсын олимпиадад 1995-2000 онд 11-р дунд сургуулиас 182 медаль авсны 31 алт, 73 мөнгө, 78 хүрэл байгаа нь тус сургууль ямар хэмжээнд сургалт явуулж байсны бодит үр дүн байсан юм. Ингэж олон улсын болон улс доторх тэмцээн уралдаанд шавь нараа амжилттай бэлтгэж ирсэн нь Ү.Маам багшийн ажлын томоохон амжилтын үзүүлэлтүүдийн нэг байлаа.

2003 оноос математик, гадаад хэлний гүнзгийрүүлсэн сургалттай “Шинэ Үе” сургуулийг үүсгэн байгуулж, 2021 оныг хүртэл захирлаар нь ажиллаж байсан.

Ү.Маам багшийн Монгол улсын боловсролын төлөө зүтгэсэн хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, 1996 онд Монгол Улсын Гавьяат багш цол, 2005 онд Монгол Улсын Ардын багш цолыг тус тус хүртээжээ. Түүнчлэн 1969 онд Тэргүүний сэхээтэн залуу алтан медаль, 1972 онд Ардын гэгээрлийн тэргүүний ажилтан, 1975 онд Засгийн газрын Хүндэт Жуух бичиг, Ардын хувьсгалын 60, 70, 80 жилийн ойн медаль, 1984 онд Номын багш цол, 1990 онд Хөдөлмөрийн хүндэт медаль, 1994 онд Залуу үеийг халамжлан хүмүүжүүлэгч цол, 1997 онд Монгол Улсын Засгийн Газрын шагналаар тус тус шагнасан юм. Мөн 1997 онд олон улсын математикийн олимпиадын хорооны хүндэт шагнал, 2015 онд Монгол Улсын Шинжлэх ухааны академиас дээд шагнал “Хубилай хаан”-ы алтан медаль, 2016 онд өөрийнх нь төгссөн Боловсролын Их Сургуулиас "Хүндэт Профессор" цолоор тус тус шагнасан.

Ү.Маам нь боловсролын салбарын хөгжил, дэвшлийн төлөө бүхий л амьдрал ажил үйлсээ зориулсан сурган хүмүүжүүлэгч, боловсролын салбарын шилдэг удирдагч, Монголынхоо ирээдүй хойч үе, хүүхэд багачуудын боловсролын төлөө ихийг хийсэн чадвартай тэргүүний удирдагч, шилдэг шалгарсан багш байв.