Шинэ Үе сургууль нь олон улсын бакалавриат дипломын хөтөлбөр буюу их сургуулийн бэлтгэл хөтөлбөрт сурагчдыг бэлтгэсээр хэдийнэ 6 жилийг үджээ. Энэ хугацаанд 2 төгсөлтийг 100% дипломтой төгсгөж, 2021-2022 оны хичээлийн жилд 3 дахь төгсөлтөө хийх гэж байна.

Энэ жил төгсөж буй манай IB12-р ангийн сурагчид нийгэмд тустай ажил хөтөлбөрийн хүрээнд "Охидод ээлтэй сургууль" төслөө IB10 Group 1 сурагчдын туслалцаатайгаар амжилттай хэрэгжүүлж дуусгалаа.

Анх 2022 оны 04-р сарын 13-нд IB12-р ангийн сурагчдын санаачлан өөрсдийн сургуулиа охидод ээлтэй орчин нөхцөлтэй болгохын төлөө эхний алхамыг хийж "Охидод ээлтэй сургууль" нэртэйгээр төсөл болгон хэрэгжүүлсэн тус ажлын хүрээнд манай сурагчид сургуулийнхаа үндсэн барилгын ариун цэврийн өрөөнүүдийн тасалгаа бүрт ариун цэврийн хэрэглэлтэй зориулалтын савыг бүрэн хангамжтайгаар суурилуулаад байна.

Өртгөтгөлийн ариун цэврийн өрөөний тасалгаануудад ирэх хичээлийн жил эхлэх үед ариун цэврийн хэрэглэлтэй зориулалтын савыг суурилуулах болсон тул төслөөс үлдсэн зориулалтын 13 савыг 900+ ариун цэврийн хэрэглэлийн хамтаар төслийнхөө төгсгөлд 2022 оны 05-р сарын 30-ны өдөр Шинэ Үе сургуулийн төлөөлөлд гардуулан өглөө.

Үүгээр IB12-р ангийн сурагчдын маань төслийн зорилго гүйцэлдэж, охиддоо дахин санаа зовж, ичих зүйлгүйгээр хайр халамжаар дүүрэн, гэнэтийн хэрэгцээ нь хангагдсан орчинг Шинэ Үе сургуульдаа бий болгож чадлаа.

Манай сурагчид төслийнхөө төсвийн мөнгийг босгохын тулд сургуулийнхаа дотор болон гадна талбайд 2 өдөр ус, ундаа, жүүс зарж борлуулсан бөгөөд тэдний хичээл зүтгэл гарган хийсэн ажлын үр дүнг та бүхэн доорх зураг, бичлэгээс үзэх боломжтой.

IB12-р ангийн сурагчдын энэхүү төслийг дэмжин бодит ажил болоход Шинэ Үе сургуулийн багш, ажилчид, сурагчид болон эцэг эх, асран хамгаалгчдын дэмжлэг буюу ус ундааны шууд худалдан авалт их том дэмжлэг болж чадсан, түүнчлэн https://www.facebook.com/EcocoMongolia болон https://www.facebook.com/khatadbrand дэмжиж, ивээн тэтгэж ажиллаа. Та бүхэнд Шинэ Үе сургуулийн нийт хамт олон болон онцгойлон IB12-р ангийн сурагчдынхаа өмнөөс гүнээ талархал илэрхийлье!

Сурагчдын төслийн сэдвийн хүрээнд цаг гарган IB12-р ангийн сурагчдад үнэтэй зөвлөгөө мэдээлэл өгч, дэмжиж ажилласан Б.Буянзаяа багш (https://www.facebook.com/buynaaaam) болон сайн дураар туслан, гар бие оролцсон IB10 Group 1 сурагчид, мөн IB10 ангийн сурагч Мишээл нарт мөн талархал илэрхийлье!

Сурагчид маань төслийнхөө төсвөөс үлдсэн мөнгөндөө өөрсдийн хүчээр амьдралын саад бэрхшээлийг туулж буй бяцхан хүүхдүүдэд урам зориг өгөх үүднээс тэдэнд зориулан хүүхдийн баярын бэлэг бэлдэж, бэлэглэсэн байна. Ирээдүйн бидний нийгэм ийм сайхан халамжтай, сэтгэлтэй залуу хойч үеээр өнгө нэмж байгаа нь үнэхээр баярламаар, мөн сурагчдаараа бахархах сэтгэл төрж буйг дурдахгүй байхын аргагүй юм.

Нэмж дурдахад, манай IB12-р ангийн сурагчид хэн хүний чөлөөтэй ярилцаад байдаггүй чухал асуудлыг багахан ч болов шийдвэрлэх зорилгоор "Сарын тэмдэг болон охидын ариун цэвэр" сэдвээр пресентази бэлтгэснийг ЭНД орууллаа. Та бүхэн охид, эмэгтэй дүү нартаа цаг гарган ярилцаж, тус пресентазийг ашиглан зохих мэдээллийг хүргэж, хэзээд туслахад бэлэн гэдгээ заавал хэлээрэй.

Энэхүү мэдээгээрээ 2022 оны төгсөлтийн IBDP ангийн сурагчдадаа онцгойлон талархал илэрхийлье. Та бүхний цаашдын сурлага, хөдөлмөрт өндөр амжилт хүсэн ерөөе!


Төслийнхөө постерыг бэлдэж буй манай сурагчид



Санхүү, төсөв, тооцоо барьж буй манай сурагчид



 Ус, ундаа, жүүс худалдан борлуулж буй манай сурагчид



 Ариун цэврийн хэрэгсэлийн зориулалтын сав суурилуулж буй үйл явц



Эмэгтэй сурагчид болон багш нарт зориулсан хангамжийг Шинэ Үе сургуулийн төлөөлөлд гардуулан өгч буй үйл явц

 


 

 


 Үлдсэн мөнгөндөө хүүхдүүдийн бэлгэнд боох амттануудаа сонгож буй манай сурагчид