ОЛИМПИАДЫН МЭДЭЭ

Математикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Монгол Улсын Ардын Багш Ү.Маамын нэрэмжит математикийн олимпиад нь Улсын Тэргүүний Шинэ Үе сургууль дээр 2023 оны 10 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр шилдгүүдээ шалгарууллаа.

Энэ удаагийн олимпиадад нийт 70 гаруй сургуулийн 6-12р ангийн 987 сурагч, бага дунд ангийн багшийн ангилалд нийт 53 багш оролцлоо.

Үүнээс нийт 9 алт, 21 мөнгө , 27 хүрэл медаль гардууллаа.

 

Олимпиадын комиссын ахлагчаар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, профессор В.Адъяасүрэн ажилласан бөгөөд энэхүү олимпиадад зориулан чансаа өндөр, сонирхолтой бодлогууд оролцуулан бэлдсэн байна.

Олимпиад нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд, аймаг орон нутгаас орох оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Энэ жил Увс, Хөвсгөл, Архангай, Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв гэсэн 7 аймгаас оролцогчид багаараа зорин ирж оролцлоо.

Энэ удаагийн олимпиадын зарим онцлогоос дурдвал:

  • Олимпиадад оролцогчдоос ямар нэгэн төлбөр, хураамж аваагүй.
  • Оролцсон багш, сурагч бүрд япон, солонгос бичгийн хэрэгслээр бэлдсэн (Zebra, Sarasa clip) гарын бэлгийг өгсөн.
  • Орон нутгийн багш сурагчдаа сургуулийн зүгээс байрлах зочид буудалд байрлуулж (Royal House) зардлыг бүрэн хариуцсан.
  • Шагналын сан нэмэгдсэн.

Олимпиадад оролцсон сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш нар олимпиадын зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн явдал нь бидэнд дараа дараагийн жилд ажлаа улам чанаржуулан зохион байгуулах урмыг өглөө.

Олимпиадын мэдээ: https://shorturl.at/ruxKP