ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧАА ДУРСАХУЙ

Сэтгэгдлийг энд дарж уншина уу.

Ү.Маам багшийн маань хүсэл давхар, давхар биелсэн сайхан олимпиад болжээ. 11-р сургууль гэхээр хамгийн түрүүнд Ү.Маам багш маань л санаанд орно. Мэдээж өөр нэрийг нь дурдах ёстой олон сайхан багш нар бий. Ү.Маам багш бид хоёр 1995 онд Канадын Торонтод болсон ОУМО-36-д хамт оролцсон юм. Би сурагч, Ү.Маам багш багийн дэд ахлагч. Тухайн үед 11-р сургуулийн математикийн гүнзгий анги нээгдээд нэлээд хэдэн жил болчихсон, хоёр дахь төгсөлтөө хийгээд байсан үе. Өмнөх жил нь 11-р сургуулийн Ү.Отгонбаяр (одоо ММОХ-ийн гүйцэтгэх захирал, энэ жилийн IMO багийн ахлагч) олон улсын олимпиадаас тухайн үедээ маш өндөр гэж хэлж болохоор 32 оноо авч мөнгөн медаль аваад байсан үе л дээ. Би МУИС-ийн гүнзгийгийнх, багш 11-р сургуулийнх болохоор угтаа бол өрсөлдөгч сургуулийн хоёр юм. Тухайн үед улсын төсөв санхүү муугаас олон улсын олимпиадад 6 сурагч явуулж чадахгүй, 3 сурагч л явуулна гэх мэт яриа нэлээн явсан. Магадгүй ОУМО-д оролцох зардлыг хөөцөлдөх ажлыг Ү.Маам багш л хийж чадах байсан байх, ямартаа ч бүтэн багаараа ОУМО-д оролцож чадсан билээ.

Энэ аяллаас хойш Маам багш бид хоёр өрсөлдөгч биш, харин ч дотнын найзууд болсон. Ямартай ч тухайн жилийнхээ намар нь би 11-р сургуулийнханд ялангуяа МУГБ А.Энхжаргал багшийн ангийнханд олимпиадын бэлтгэл хичээл орохоор болоод ирсэн юм. Ү.Маам багш, Энхжаргал багш бид гурвыг холбодог бас нэг зүйл бий, гурвуулаа Завхан аймгаас гаралтай хүмүүс юм билээ.

Одоо гол зүйлдээ оръё. Багшийн хүсэл давхар, давхар биелэсэн гэдгийн учир нь Ү.Маам багшийн маань үүсгэн байгуулсан хоёр ч сургууль энэ жилийн IMO багтай холбогдож байгаа юм. 11-р сургуулийн А.Ивээл сургуулийнхаа анхны алтан медалийг хүртсэн бол Шинэ Үе сургуулийн Б.Тэнүүнсайхан мөнгөн медаль хүртлээ. Түүнчлэн энэ жилийн багийн ахлагч Ү.Отгонбаяр, багийн ажиглагч багш (геометр хариуцаж байгаа) Т.Хулан нар мөн л 11-р сургуулийн төгсөгчид билээ.

Багшийн талаар заавал дурдах ёстой өөр нэг зүйл бий. Улсын математикийн 55-р олимпиадыг Шинэ Үе сургуулийн нэрэмжит болгон зохион байгуулахад Ү.Маам багш маш их хичээл зүтгэл гаргаж улсын олимпиадыг зохион байгуулах ажлыг шинэ түвшинд гаргасан юм. Энэ нь багшийн нийт математикчдадаа барьсан сэтгэлийн бэлэг байсан гэдгийг тус олимпиадыг зохион байгуулах ажилд оролцож явсны хувьд хэлэх нь зүйтэй юм.

Сурагчдынхаа амжилтаар бахархах энэ өдрүүдэд өөр нэгэн эрхэм сайхан хүнийхээ тухай дурсах таатай байлаа. Монголын математикчид хөгжлийн түүчээ байг.