ТАЛАРХАЛ

Дэлхийн 160 орны 10,000 гаруй сургууль Кембрижийн ОУ-ын хөтөлбөртэй бөгөөд Монгол улсад 38 сургууль тус хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаагаас 11 сургуулийн 51 сурагч "Шилдэг сурагч"-ийн шагналыг гардан авлаа. Кембрижийн ОУ-ын шалгалтын төвөөс дэлхий даяар тухайн жилд өгсөн шалгалтын үнэлгээгээр шалгаруулж Дэлхийн шилдэг, Шалгалтын нийлбэр оноогоор тэргүүлэгч, Судлагдахуун тус бүрийн шилдэг сурагч сертификат олгодог ба 2024 оноос эхлэн Монгол улсдаа хамгийн өндөр оноо авсан сурагчдад #Top_in_Mongolia сертификатыг олгож эхэлсэн.

2025 оны Шилдэг сурагчдад шагнал гардуулах ёслолын ажиллагаа 11р сарын 19нд зохион байгуулагдаж, Нийслэлийн боловсролын газрын дарга Б.Амартүвшин, Англи улсаас Монгол улсад суугаа Элчин сайд Fiona Blyth, Кембрижийн Зүүн Азийг хариуцсан захирал, доктор Jing Zhao, Кембрижийн хамтын ажиллагаа, маркетинг хариуцсан захирал Ian Harris нар оролцож, ОУ-ын шалгалтад тэргүүлсэн шилдэг сурагчдад сертификатыг гардуулснаас манай сургуулийн 11г ангийн сурагч Мөнхтулгын Дарь “Шилдэг сурагчийн шагнал”-ыг гардан авлаа.

Мөн тус өдрийн онцлох үйл явдлын нэг нь Монгол дахь нийт Кембриж хөтөлбөр хэрэгжүүлэгч сургуулиудын “Cambridge School Community Board”-ын албан ёсны нээлт болж Шинэ Үе сургуулийг Монгол улс дахь Кембриж сургуулийн удирдах зөвлөлийн гишүүн сургуулиар сонгож, сургалт хариуцсан захирал Т.Ханджавт өргөмжлөл гардуулсан баярт үйл явдал тохиолоо.

Багш, сурагч, удирдлагууд болон хамтран ажилладаг эцэг, эх, асран хамгаалагчдадаа халуун баяр хүргэе.

Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоос дээр дарж авна уу! https://acesse.one/jtf7q8h