“Шинэ Үе” сургуулийг үүсгэн байгуулагч Монгол Улсын Ардын багш Үнэнбилэгийн Маамын нэрэмжит математикийн уламжлалт олимпиад нь энэ оны 10р сарын 15, 16-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, 10р сарын 17-ны өдөр дүнгээ гаргалаа.
Тус олимпиадад нийт 1385 суралцагч, 64 багш нар оролцож 14 алт, 18 мөнгө, 35 хүрэл медаль, өргөмжлөл, мөнгөн шагналыг хүртсэн бөгөөд алтан медаль авсан хүүхэд бүрийн багшид “Уяач багш” өргөмжлөл, мөнгөн шагналыг олголоо.
Олимпиадын зарим онцлогоос дурдвал:
Олимпиадын нээлтийн үйл ажиллагаанд Ү.Маам багшийн олимпиадад медальт байр эзэлж байсан шавь нарын төлөөллөөс оролцсон бөгөөд шавь МУГЖ Ариунаа нь “Багшаа дуулья” дуугаар мэндчилсэн. Оролцогчид ангидаа нээлтийн үйл ажиллагааг шууд дамжуулалт буюу live хэлбэрээр үзсэн.
Сэдвийг ММОХ-ны гишүүн, МУИС-ийн багш, доктор У.Батзориг ахлагчтай баг боловсруулж, засалтын хамт хийж гүйцэтгэсэн.
Ангилал тус бүрд олгохоор тооцоолсон медалиас илүү медалийг гардуулсан бөгөөд дунд ангийн багшийн ангилалд гэхэд 5 багш ижил оноогоор алтан медаль хүртсэн.
Олимпиадад оролцогчдоос ямар нэгэн төлбөр, хураамж аваагүй.
Сурагч бүрд сургалтын хэрэглэгдэхүүнээс бүрдсэн гарын бэлгийг өгсөн.
Олимпиадад Нийслэлийн 9 дүүрэг, Сэлэнгэ, Хэнтий аймгийн сурагчид багаараа ирж оролцсон нь олимпиадын цар хүрээг өргөжүүлсэн.
Олимпиадад оролцсон сурагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш нар болон зочид төлөөлөгчид олимпиадын зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн явдал нь бидэнд дараа дараагийн жилд ажлаа улам чанаржуулан зохион байгуулах урмыг өглөө.
Олимпиадыг зохион байгуулах комисс