Шинэ Үе сургуулийн 2022-2023 оны хичээлийн жилийн 20 дахь удаагийн эрдмийн баярын үйл ажиллагаа 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр зохион байгуулагдлаа.
Энэ хичээлийн жилд 6 бүлэгт 180 хүүхэд нэгдүгээр ангид элсэн оржээ. Тэд эх хэлээрээ зөв уншиж, бичиж сурснаар цаашид аливааг ойлгож, ярьж сурах, 1-100 хүртэлх тооны бүтэц, задаргаа, нэмэх, хасах, жиших зэрэг арифметикийн анхны ухааны ухагдахууныг эзэмшиж математикийн хичээлийг гүнзгийрүүлэн судлах суурь нь тавигдсан.
Эх хэлээрээ уншиж, бичиж, бодож сурах амаргүй давааг өөрсдийн хүсэл тэмүүлэл, ачит багш нар, эцэг эх, асран хамгаалагчдынхаа хамтын хичээл зүтгэл, урам дэмжлэг, хайр халамжийн тусламжтайгаар даван туулж, эрдмийн баяраа тэмдэглэж буй бяцхан шавь нараараа бахархахгүй байхын аргагүй юм.
Эрдмийн баярын үеэр сурсан мэдсэн бүхнээ аав ээж, ангийн багш, үе тэнгийн найз нартаа цоглог хэмнэлтэй аялгуундаа дуу хуур, бүжиг, хөгжимт дасгал гээд тансаг сайхан бүхэн цогцлоосон сайхан тоглолтоо үзүүллээ.
Энэхүү баярыг зохион байгуулсан багш нартаа болон бид бүхний ажлыг үргэлж урмын цагаан сэтгэлээр дэмжин тусалж байдаг эцэг эх, асран хамгаалагч нартаа баярласан талархсанаа илэрхийлье.
Эрдэм оюуны эх булаг ундран арвижих болтугай!