Манай сургуулийн АйБи 11р ангийн сурагчдын CAS & TOK (нийгэмд тустай сайн дурын ажил болон мэдлэгийн онол) хичээлүүдийн тайлант өдөрлөг амжилттай зохион байгуулагдлаа. Өдөрлөгийн үеэр:
Сурагч бүр мэдлэгийн онол хичээлийн хүрээнд хийсэн бүтээлийн үзэсгэлэнгээ олон нийтэд нээлттэй танилцуулж, Англи-Монгол хэл дээр тайлбар хүргэхээс гадна нийгэмд тустай сайн дурын ажил хичээлийн хүрээнд уран зураг, гар урлал, гоёл чимэглэл, нэхмэл, наамал, шигтгэмэл, үнэртэн, лаа болон давсан урлалын бүтээлүүдийн үзэсгэлэнгээ мөн танилцуулсан юм.
Сайн үйлсийн аянд зарцуулах зорилгоор сурагчид өөрсдийн гараар хийсэн шинэхэн бялуу, кекс, амттан, сэндвич, чихэр жигнэмэг, ундаа ус болон дэвтэр ном, үзэг бал зэрэг олон төрлийн хичээлийн хэрэгслүүдийн үзэсгэлэн худалдааг зохион байгуулагдлаа.
Төгсгөлд нь эцэг эх, асран хамгаалагч нартаа хичээлийн жилийн турш сурсан мэдсэнээ урлагаар дамжуулан тайлагнаснаар энэхүү өдөрлөгийн үйл ажиллагаа өндөрлөлөө.
Академик мэдлэгээ сайжруулахаас гадна нийгмийн сайн сайхны төлөө өөрсдийн чадах бүхнээрээ бусдад туслан үе тэнгийнхэндээ болон дүү нартаа зөв үлгэр дуурайл үзүүлж буй сурагчдаараа бахархахгүй байхын аргагүй.
Сар гаруй хугацаанд хичээлдээ бүрэн хамрагдахын зэрэгцээ тайлант өдөрлөгтөө тасралтгүй бэлтгэн нэг баг болон хамтран ажиллаж аливаа саад бэрхшээл хүндрэл бүхнийг ангиараа даан туулж чадсан сурагчдадаа баяр хүргэж, энэ бүх хугацаанд сурагчдаа маш сайн зохион байгуулж, удирдан чиглүүлж, бэлтгэл сургуулилалтыг нь ханган ажилласан анги удирдсан багш Д.Алтанбаяр, ахлах сургуулийн зөвлөх М.Мядагмаа нартаа халуун талархал дэвшүүлье!