МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ҮНЭНБИЛЭГИЙН МААМЫН НЭРЭМЖИТ МАТЕМАТИКИЙН ОЛИМПИАД
Математикийн шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон явагддаг Монгол Улсын Ардын Багш Ү.Маамын нэрэмжит математикийн олимпиад нь Улсын Тэргүүний Шинэ Үе сургууль дээр 2024 оны 10 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ шалгарууллаа.
Энэ удаагийн олимпиадад нийт 114 сургуулийн 6-12р ангийн 1207 сурагч, бага дунд ангийн багшийн ангилалд нийт 102 багш бүртгүүлж, оролцлоо. Үүнээс нийт 11 алт , 2 мөнгө , 35 хүрэлмедаль гардууллаа. Мөн төрийн өмчийн сургууль (математикийн гүнзгийрүүлсэн сургалттайгаас бусад) болон орон нутгаас ирж оролцсон суралцагчдаас 2 бодлогыг бүтэн бодсон 8 сурагч, анги өгсөн оролцож 6р ангийн ангилалд мөнгөн медаль хүртсэн 3р ангийн 1 сурагч, нийт 9 сурагчийг ‘Өсөх Ирээдүйтэй Сурагч’-аар, орон нутгаас хамгийн олон суралцагчийг бэлдэж оролцуулсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын 5р сургуулийг “Олимпиадыг Манлайлагч Хамт Олон”-оор шалгаруулж шагналаа.
Олимпиадын комиссын ахлагчаар МУИС-ийн багш доктор, дэд профессор У.Батзориг ажилласан бөгөөд энэхүү олимпиадад зориулан чансаа өндөр, сонирхолтой бодлогууд оролцуулан бэлдсэн байна.
Олимпиад нь жилээс жилд цар хүрээгээ тэлж, улсын хэмжээнд, аймаг орон нутгаас орох оролцогчдын тоо нэмэгдсээр байна. Энэ жил Увс, Хөвсгөл, Хэнтий, Орхон, Дархан, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Өвөрхангай, Булган гэсэн 10 аймгаас оролцогчид багаараа зорин ирж оролцлоо.
Энэ удаагийн олимпиадын зарим онцлогоос дурдвал:
Олимпиадад оролцогчдоос ямар нэгэн төлбөр, хураамжгүй.
Оролцсон багш, сурагч бүрд гарын бэлэг өгсөн.
Орон нутгийн багш сурагчдаа сургуулийн зүгээс зочид буудалд байрлуулах (Контенинтал зочид буудал, Сөүл зочид буудал) зардлыг бүрэн хариуцсан.
Шагналын сан 30,000,000 төгрөг .
Олимпиадад оролцсон суралцагчид, тэдний эцэг эх, асран хамгаалагчид, багш нар олимпиадын зохион байгуулалтад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлсэн явдал нь бидэнд дараа дараагийн жилд ажлаа улам чанаржуулан зохион байгуулах урмыг өглөө.